A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Түүх соёлын аялал / ХӨШӨӨ ЦАЙДАМ

ХӨШӨӨ ЦАЙДАМ

Архангай аймгийн нутаг бол зөвхөн Монголчуудын төдийгүй дэлхийн нүүдэлчдийн соёл, түүхийн дурсгалт зүйлийн өлгий нутаг гэдгийг хэн ч маргахгүй хүлээн зөвшөөрдөг. Монгол нутаг дахь Түрэг бичгийн хамгийн томд тооцогддог дурсгалуудын нэг нь Хөшөө цайдамын гэрэлт хөшөө юм.

Куль-тегин жанжны гэрэлт хөшөө, бичээс: Хашаат сумын төвөөс хойш 18км зайтай орших Хөшөө цайдам хэмээх уудам хөндийд 8 дугаар зууны Түрэг улсын их хаан Билгэ, цэргийн жанжин Куль-тегиний гэрэлт хөшөө бий. Куль-тегинийг нас барснаас жилийн дараа буюу 732 онд түүний дурсгалд зориулж, тахилгын сум барьж, 3,33 метр өндөр, 1.32 метр өргөн, 46 см зузаан чулуугаар гэрэлт хөшөө босгожээ. Судлаачдын бичсэнээр уг хөшөөний оройг эвхэрсэн хоёр луугаар чимж, хөшөөний урьд ба хоёр хажууд орхон /руни/ бичгээр Тургийн төр улсаа анх байгуулснаас эхлэн 8 дугаар зууны эхний хагас хүртэлх түүх, Куль-тегиний төрийн хэрэгт орж, овог, аймаг, улс гүрнийг дайлан эзэлсэн зэрэг үйл явдлыг сийлж бичсэн байдаг байна.

Билгэ хааны гэрэлт хөшөө

Куль-тегиний гэрэлт хөшөөнөөс зүүн урагш 500-аад метрийн зайд 735 онд буюу Билгэ хааныг нас барснаас жилийн дараа түүний дурсгалд зориулж энэхүү хөшөөг босгосон гэж үздэг байна. Энэ хөшөөнд эртний Түрэг, Согод, Нанхиад зэрэг гурван хэлний бичээстэй. Хөшөөний өндөр 3.45 метр, өргөн нь 1.75 метр, зузаан нь 75 см орчим бөгөөд өргөн талдаа 41, хажуугийн хоёр захад тус бүр 15 мөр үсэгтэй. Хөшөөний ар талд Тан улсын хааны бичүүлсэн Хятад бичээстэй. Эдгээр хөшөөн дээрх бичгийг эрдэмтэн мэргэд судалж тайлбарлан бичсэн маш сонирхолтой мэдээ бий. Энэхүү гэрэлт хөшөөний бичээс нь дэлхий дээрх Түрэг бичгийн 6 том дурсгалын нэгэнд ордог бөгөөд Монгол нутаг дахь Түрэг бичгийн дурсгалуудын хамгийн том нь юм. Дэлхийн түүх соёлын хосгүй гайхамшигт, ховор нандин энэхүү дурсгалыг он цагийн явцад элэгдэж эвдэрхээс хамгаалж 2005 онд тус газарт нь музейн барилга барьж зөөн байршлуулсан. Эдгээр дурсгалыг хадгалж, хамгаалах, судлах, сэргээн засварлах Монгол Туркийн археологийн хамтарсан судалгааны ажил 1997 оноос эхлэн энэ тахилын онгоныг өргөн талбайгаар малтаж судалсны дүнд нүдний хараа булааж, сэтгэлийн таашаал эдлүүлэх, онц сонирхолтой олон ховор нандин үзмэр гарсныг музейд дэлгэн тавиад байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *